-1

ЭМГЭНЭЛ ДЭМБЭРЭЛИЙН ЭНХБААТАР (1958-2024)

2024-12-06    |   204

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхны Тамгын газрын дарга Дэмбэрэлийн Энхбаатар нь 2024 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хүнд өвчний улмаас тэнгэрт дэвшиж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

      Д.Энхбаатар нь 1958 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрж, 1976-1980 онд МУИС-ийн Эдийн засгийн салбарыг санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1980-1990 онд Улсын Ардын хянан шалгах хороонд улсын хянан шалгагч, 1996-1997 онд Улсын Дээд Шүүхийн тамгын газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтэст улсын байцаагч, шадар гүйцэтгэгч, 1997-2003 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн санхүүгийн хяналт шалгалтын байцаагч, санхүүгийн хяналт шалгалтын байцаагч-хангамжийн мэргэжилтнээр, 2004-2013 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Тамгын хэлтсийн даргаар, 2013-2014 онд Нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар, 2014-2017 онд Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргаар, 2017-2018 он Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд Тамгын газрын даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл энэ шүүхтэй түүний хувь заяа холбогдсон юм.

      Тэрээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн санхүүжилтээр шүүх хуралдааны ногоон танхимыг засварлаж, тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шинэчлэх засварын ажилд тамгын газар гүйцэтгэгч компанитай өдөр тутам хамтран ажиллаж, олон улсын жишигт нийцсэн шүүх хуралдааны “Green Hall” танхимыг ашиглалтад оруулж байжээ. Монголд улсад жишиг танхимтай болохоос гадна анх удаа орон нутгаас цахимаар шүүх хуралдаанд оролцох боломжийг бүрдүүлж байсан билээ.

      Түүнтэй хамт ажиллаж байсан үе үеийн удирдлага, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын итгэл, хүндэтгэлийг хүлээсэн, бусад Тамгын газрын дарга нартаа үлгэр дуурайлал болж явснаас гадна Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа 2017, 2018 онуудад зохион байгуулагдсан Шүүхийн спортын Их наадмын төрөл бүрд тэргүүн байрын шагналыг авч, идэвх санаачилгатай, нэгэн удирдлага дор хамт олныг нэгтгэж чадваас ямар их хүч байдгийг үлгэрлэн харуулж, хамт олондоо гэгээн дурсамжийг үлдээж чадсан алсын хараатай, ухаалаг нэгэн байлаа.

       Хэдийгээр тэрээр өндөр насны тэтгэвэрт гарсан ч гэсэн эдгээр жилүүдийг хүртэлх хугацаанд шүүхийг гэсэн сэтгэлээр залуу хойч үедээ түшиг тулгуур болж, сурган хүмүүжүүлж, мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцаж явсан эгэлгүй нэгэн удирдагч байсныг дурдахгүй байж болохгүй юм.

      Талийгаачийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг Төр, засгаас өндрөөр үнэлж:

            -“Шинжлэх ухаан дээд боловсролын улсын хороо, МХЗ-Эвлэлийн төв хорооны "Онц сурлагатан алтан медаль”,

            - 1990 онд Улсын Ардын хянан шалгах хорооны “Хүндэт тэмдэг”-ээр,

            - 1999 онд Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын “Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр,

            - 2000 онд “Хууль зүйн тэргүүний ажилтан”- цол, тэмдгээр,

            - 2001 онд Ардын хувьсгалын “80 жилийн ойн медаль”-аар,

            - 2003 онд Төрийн хянан шалгах хорооны “Хүндэт тэмдэг”-ээр,

            - 2004 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар,

            - 2006 онд Тулгуур төр байгуулагдсаны 800 жилийн ойн “Хүндэт медаль”-аар,

            - 2010 онд “Нийслэлийн 370 жилийн ойн медаль”-аар,

            - 2011 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон,

            - 2014 онд “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдэг,

            - 2016 онд “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр,

            - 2018 онд Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”,

            - 2019 онд Ардын хувьсгалын “100 жилийн ойн медаль”-аар,

            - 2019 онд Санхүү, банкны “Тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр тус тус шагнуулж байжээ.

      Д.Энхбаатар даргын шулуун шударга, зарчимч, хүнлэг, бүтээлч, хөдөлмөрч хичээнгүй, элэгсэг дотно, өрөвч зөөлөн төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.


          Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024 он

. . .