Түүхэн замнал

     Монгол Улсад шүүх эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, дагнасан шүүхийн тогтолцоог төлөвшүүлэх түүхэн шаардлагын хүрээнд Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай” хуулийг баталжээ. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн үзэл баримтлалд нийцсэн, иргэний засаглах эрхийг хамгаалахад чиглэсэн томоохон алхам болсноор тус шүүх 2011 онд албан ёсоор байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.
     Тус шүүхийн анхны бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаар зарлигаар томилогдож, Ерөнхий шүүгч Ц.Цогт, шүүгч М.Батсуурь, А.Отгонцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Т.Энхмаа нар 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж эхлэв. Улмаар мөн оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаар зарлигаар шүүгч Д.Батбаатар, Б.Мөнхтуяа нар нэмж томилогдсоноор шүүн таслах ажиллагааны хүртээмж бодитойгоор нэмэгджээ.
Шүүхийн хүчин чадлыг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын тогтоолоор шүүгчдийн орон тоог 2016 онд Ерөнхий шүүгч 1, шүүгч 15 байхаар, 2024 онд Ерөнхий шүүгч 1, шүүгч 24 байхаар тус тус шинэчлэн баталж, бүтэц зохион байгуулалтын хувьд өргөжин тэлсээр ирлээ.
Цаг хугацааны явцад шүүгчдийн бүрэлдэхүүн тасралтгүй шинэчлэгдэж, 2014 онд Ерөнхий шүүгчээр Б.Мөнхтуяа, шүүгчээр Э.Зоригтбаатар, Б.Тунгалагсайхан, Э.Халиунбаяр, Н.Хонинхүү, Д.Баатархүү, С.Мөнхжаргал нар, 2015-2016 онд шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн, Г.Билгүүн нар тус тус томилогдон ажиллав. Үргэлжлүүлэн 2017 онд Ерөнхий шүүгчээр Д.Батбаатар, 2020-2023 онд шүүгч А.Сарангэрэл, Д.Оюумаа, Н.Долгорсүрэн, Т.Энхмаа, О.Оюунгэрэл, Г.Мөнхтулга, З.Ганзориг нар, 2025 онд шүүгч М.Цэцэгмаа, Л.Одбаатар, Ц.Одмаа, Б.Адъяасүрэн нар томилогдож, өнөөдрийн шүүн таслах ажиллагааны гол цөмийг бүрдүүлж байна. 
     Шүүхийн хүний нөөцийн чадавх тасралтгүй бэхжиж, шүүгчдийн мэдлэг, туршлага шүүх засаглалын бусад дээд шатны байгууллагуудад өндрөөр үнэлэгдэх болсон нь тус шүүхийн түүхийн нэгэн онцлог юм. Үүний илрэл болж, шүүгч О.Номуулин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу Нийт шүүгчдийн чуулганаас Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнээр, шүүгч Э.Зоригтбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдон тус тус сонгогдон ажиллаж, шүүхийн ёс зүй, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Түүнчлэн шүүгч М.Батсуурь, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ц.Цогт, Д.Батбаатар нар Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр, тус тус дэвшин томилогдсон нь тус хамт олны мэргэжлийн ур чадвар, нэр хүндийг илтгэдэг.
Шүүгч Э.Зоригтбаатар нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаагаа амжилттай хэрэгжүүлж дуусгаад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалдаа эргэн томилогдон ажиллаж байна.
     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн үзэл санааны дагуу Ерөнхий шүүгчийг нийт шүүгчдийн дотроос сонгох зарчмаар Б.Тунгалагсайхан /2022 он/, Д.Баатархүү /2023-2026 он/ нар удирдаж байсан бол 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Ерөнхий шүүгчээр Э.Лхагвасүрэн тус шүүхийг тэргүүлэх болсон юм. Одоогийн байдлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь нийт 19 шүүгчийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр шударга ёсыг тогтоох үүргээ нэр төртэй биелүүлж байна.
Өдгөө тус шүүх нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийг харьяалан, аймаг, нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээс гадна хуулиар олгогдсон тусгай бүрэн эрхийн хүрээнд зарим маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэдэг, дагнасан шүүх тогтолцооны гол тулгуур байгууллага болон төлөвшжээ.