Процессын хураангуй №1 Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэр болгон “Захиргааны акт” болж чадах уу?
2023-06-14 | 474Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022.10.06-ний өдрийн 221/ШТ2022/0807 дугаар тогтоол
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2023 он 05 сар 15 өдөр, Процессын хураангуй: Дугаар 1
Иргэн М-аас захиргааны хэргийн шүүхэд хандаж “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевезийн Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гаргасан “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /цаашид МҮОНРТ гэх/-ийн Үндэсний зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоол”-ыг хүчингүй болгуулж, даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иргэн М-ийн гаргасан гомдлоор Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн гэж дараах үндэслэлээр дүгнэжээ.
Хуулийн зохицуулалтаар Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь Олон нийтийн, радио телевизийн Үндэсний зөвлөл байх бөгөөд Улсын Их Хурлаас томилогдсон Үндэсний зөвлөлийн 15 гишүүд нь хуралдаанаар олонхийн саналаар “Үндэсний зөвлөлийн дарга”-ыг сонгож, мөн чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг байна.
Үндэсний зөвлөлийн 15 гишүүн оролцсон хуралдааны санал хураалтын дүнг үндэслэн олонхийн буюу 14 гишүүний саналаар тус зөвлөлийн гишүүн болох иргэн М-ыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоол нь нийтийн эрх зүйн харилцааг үүсгээгүй, эрх зүйн нөлөө нь гадагш чиглээгүй, захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн байх захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажил нь орон тооны ажил, албан тушаал биш, зөвлөлийн даргын сонгох, чөлөөлөх асуудал нь хуралдааны бүрэн эрхэд хамаарах бөгөөд Үндэсний зөвлөлийн тогтоол нь тус зөвлөлийн хуралдааны дотоод зохион байгуулалттай шууд холбоотой, захиргааны актад хамаарахгүй, захиргааны хэргийн шүүхийн харьялалын бус маргаан гэж шүүх дүгнэжээ.
Санамж:
Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа