-1

Процессын хураангуй №5 Газрын харилцаанд Засаг даргын захирамжтай маргахад  дээд шатны Засаг даргад хандсан байхыг шаардахгүй

2022-12-09    |   956

Туршилтаар

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Шийдвэрийн дугаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/ШТ2022/0993 дүгээр тогтоол

Шийдвэрийн төлөв:Хүчин төгөлдөр болсон


      Иргэн Ундрах газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч нийслэлийн Засаг дарга түүний гомдлыг шийдвэрлээгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

     Анхан шатны шүүх “... гомдлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсан нь буруу” гэх агуулгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

     Ундрах уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад, гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.

     Газрын маргааны хувьд Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргахаар Газрын тухай хуульд тусгайлан заасан тул энэ хугацаанд Ундрах шууд шүүхэд хандах эрхтэй юм.

     Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар шууд шүүхэд хандах эрхтэй, заавал нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байхыг шаардахгүй тул энэ үндэслэлээр шүүх Ундрахын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу гэж давж заалдах шатны шүүхээс үзжээ.


Хураангуй бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн

 

. . .