МАГАДЛАЛЫН ХУРААНГУЙ №3
2024-10-18 | 125Магадлалын дугаар: 2024.06.06 221/МА2024/0365
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2024 оны 06 сарын 06-ны өдөр, магадлалын хураангуй №3
Иргэн Д.Ц, Д.Ц, Ү.Ү нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Иргэн Д.Ц, Д.Ц, Ү.Ү нар нь Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн "Өртөө өвөлжөө" гэх нэртэй газарт уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа бөгөөд уг нутагт бэлчээрийн даац хэтэрч, хүрэлцэхгүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар “Х” хуулийн этгээдэд аялал жуулчлалын зориулалтаар 2 га газар ашиглах эрх олгосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зүйл, заалт зөрчсөн хэмээн шүүхэд маргасан.
Хан хэнтий тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын олгосон 2012 оны газар ашиглах эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч иргэд “Өртөө өвөлжөө” нэртэй газарт газар ашиглаж байгаад уг газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа нь 2017 онд дуусгавар болсон байх бөгөөд Д.Ц, Д.Ц нар нь Улаанбаатар хотод оршин суух хаягт бүртгэлтэй, шүүхийн газрын үзлэгээр тухайн иргэдийн төрөл садан болон малчин зэрэг иргэд суурин сууц барин хэсэг газарт мод тарин амьдарч байгаа мөн иргэн Ү.Ү нь уулын өөр аманд буюу маргаан бүхий газраас өөр байршилд оршин суудаг болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн “Х” хуулийн этгээдэд ашиглуулахаар олгосон газар нь эдгээр иргэдийн сууц болон эрхийн гэрчилгээгээр газар ашиглах эрх нь дуусгавар болсон газартай ямар нэг давхцалгүй нь Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичиг, агаарын зураг зэргээр мөн нотлогджээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж тус тус зааснаар газрыг эрх бүхий байгууллагаас олгосон газар эзэмших гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмших бөгөөд ийм гэрчилгээ аваагүй хүн, хуулийн этгээдийг хууль ёсны газар эзэмшигч гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгч иргэдийн бэлчээрийн зориулалтаар газар ашиглах хууль ёсны эрх, ашиг сонирхол “Х” хуулийн этгээдэд газар ашиглуулах эрх олгосноор зөрчигдөөгүй үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал болно.
Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:www.shuukh.mn