Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Процессын хураангуй №3: АГУУЛГААРАА ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАР ҮҮСГЭЖ БУЙ МЭДЭГДЭЛ НЬ ЗАХИРГААНЫ АКТ МӨН

Процессын хураангуй №3: АГУУЛГААРАА ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАР ҮҮСГЭЖ БУЙ МЭДЭГДЭЛ НЬ ЗАХИРГААНЫ АКТ МӨН

2023-10-16   |   Админ   |   194   |  


Шийдвэрийн дугаар:  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/ШТ2023/0583 дугаар магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, процессын хураангуй №3


       Нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “2021-2023 онд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх ерөнхий гэрээ” байгуулагджээ. Гэтэл хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1462 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-1/2120 дугаар мэдэгдлүүдээр нэхэмжлэгчтэй байгуулсан ерөнхий гэрээгээ “захиалагчаас тогтоосон хугацаанд сурах бичгийг нийлүүлээгүй” гэх үндэслэлээр цуцалж, Сангийн яамны хар жагсаалт буюу тендерт орох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах болсныг тус тус мэдэгдсэн байна.

      Нэхэмжлэгч “А” ХХК нь эс зөвшөөрч, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1462 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-1/2120 дугаар мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар маргасан байна.

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

     1. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж: Хариуцагчаас гаргасан мэдэгдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1[1]-т заасан захиргааны акт биш. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар Төрийн худалдан авах ажиллагааны газар болон нэхэмжлэгчийн хооронд байгуулагдсан ерөнхий гэрээний заалтыг зөрчсөнтэй холбоотой зохицуулаагүй байна. Иймд тус ерөнхий гэрээ нь иргэний эрх зүйн хүрээнд үүсэх харилцааг зохилцуулсан байх тул Иргэний хуульд заасан гэрээний эрх зүйн маргаан байна гэж дүгнэн, нэхэмжлэлийг “захиргааны хэргийн харьяаллын маргаан биш” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

     2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Нэхэмжлэгчээс Төрийн худалдан авах ажиллагааны газартай байгуулсан гэрээтэй холбогдуулан маргаагүй, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын холбогдох мэдэгдлүүдтэй маргаж байна. Мөн тус мэдэгдлүүдийн улмаас нэхэмжлэгч “А” ХХК-ийн эрх нь хязгаарлагдаж байгаа юм. Иймд анхан шатын шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү.

     3. Давж заалдах шатны шүүхээс: Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1462 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-1/2120 дугаар мэдэгдлүүд нь агуулгаараа тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гадагш чиглэсэн, заавал биелэгдэхээр захирамжилсан шинжтэй байх тул захиргааны акт мөн. Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзнэ. (3)[2]

     4. Мөн нэхэмжлэгчээс Төрийн худалдан авах ажиллагааны газартай байгуулсан гэрээтэй холбогдуулан маргаагүй байх тул захиргааны акт биш, иргэний эрх зүйн маргаан байна хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. (4)


[1] Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.1 “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”

[2] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн хянавал хэсгийн цогцолборын дугаар болно.


       САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн тогтоол болно.


Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү