2017-01-01 | Админ | 0 | Tweet
Монгол Улсад шүүх эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэн дагнасан шүүхийн тогтолцоог улам боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудад нийцүүлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулж ажиллуулах шаардлага зүй ёсоор тавигдаж, улмаар энэ асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тухай тогтоол гаргаж, Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай” хууль батлагдсанаар тус шүүх байгуулагдаж дагнасан шүүх тогтолцооны хувьд бүрэн дүүрэн ажиллах болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаар зарлигаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогт, шүүгчээр М.Батсуурь, А.Отгонцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Т.Энхмаа нар томилогдож тус шүүх 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаар зарлигаар тус шүүхийн шүүгчээр Д.Батбаатар, Б.Мөнхтуяа нар томилогдсон байна. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог ерөнхий шүүгч 1, шүүгч 12 байхаар шинэчлэн баталсан.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 74 дүгээр зарлигаар тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Мөнхтуяа, 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр зарлигаар шүүгч Э.Зоригтбаатар, Б.Тунгалагсайхан, Э.Халиунбаяр, Н.Хонинхүү нар, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаар зарлигаар шүүгч Д.Баатархүү, С.Мөнхжаргал нар, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар зарлигаар шүүгч О.Номуулин, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03 зарлигаар шүүгч Э.Лхагвасүрэн, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар зарлигаар шүүгч Г.Билгүүн томилогдсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар зарлигаар тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Батбаатар томилогдож, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар А.Сарангэрэл, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар зарлигаар Д.Оюумаа, Н.Долгорсүрэн нар тус шүүхийн шүүгчээр томилогдон, одоо ерөнхий шүүгч 1, шүүгч 13, нийт 14 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Тус шүүх нь аймаг, нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолтой захиргааны хэрэг, Шүүхийн ёс зүйн хорооны болон Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэртэй хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн магадлалыг хянуулахыг хүссэн захиргааны хэргийг талуудын гаргасан гомдлын үндсэн дээр хүлээн авч, давж заалдах журмаар хянан шийдвэрлэдэг дагнасан шүүх бөгөөд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжтай хэргийг хянаж эцэслэн шийдвэрлэж байна. Тус шүүхийн Тамгын газар нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж ажиллах үндсэн чиг үүргийн хүрээнд шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, шүүхийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгах зорилт тавин Тамгын газар нь дарга, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга тус бүр 1, шүүгчийн туслах 15, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 3, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн, олон нийттэй харилцах мэргэжилтэн зэрэг төрийн захиргааны 23 албан хаагч, төрийн үйлчилгээний 11 албан хаагч, нийт 34 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнгөрсөн хугацаанд шүүхийн тамгын газрын зүгээс Монгол Улсын шүүхийн тухай хууль, шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар шүүн таслах ажиллагааны тасралтгүй хэвийн явуулах нөхцлийг хангах, хэргийн хөдөлгөөний стандартыг хэрэгжүүлэх, уг ажиллагаанд хяналт тавих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц бүрийг мэдээллийн санд бүртгэж, мониторинг хийх, хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллээр шүүх болон олон нийтийг хангах, хэргийн хөдөлгөөний удирдлагыг техникийн ололтод тулгуурлан удирдах нөхцлийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.