“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2026” ӨДӨРЛӨГИЙГ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭ САНААЧЛАН ӨРГӨН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-05-01 | 26Монголын Хуульчдын холбооны шийдвэрээр уламжлал болгон жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэхүү арга хэмжээнд бүх шатны шүүхүүд оролцож ирсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хувьд энэ жил Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэмжлэгтэй "Нээлттэй шүүх" өдөрлөгийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жилийн “Хуульчийн про боно өдөр”-ийг Сүхбаатарын талбайд, шүүхийн байранд, мөн Нийслэлийн зарим хороодын нутаг дэвсгэрт нэгэн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтэд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал оролцож үг хэлсэн юм.

Нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай: Иргэдэд чиглэсэн эрх зүйн зөвлөгөө, үнэ төлбөргүй үйлчилгээ
“Хуульчийн про боно өдөр” өдөрлөгийн нэгдсэн арга хэмжээ болж буй Сүхбаатарын талбайд манай шүүхийн хамт олон иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх, архивын үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэх, захиргааны шүүхийн онцлогч, үйл ажиллагаа болон бусад иргэдэд чиглэсэн мэдээлэл бүхий гарын авлага, тараах материалаар үйлчиллээ.

Шүүхийн захиргааны ажилтнууд иргэдийн өмнө тулгамддаг төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэртэй холбоотой маргаан, газар олголт, дахин төлөвлөлт гэх мэт иргэдийн их асуудаг захиргааны эрх зүйн ээдрээтэй асуудлуудад мэргэжлийн чиглүүлэг өгч, эрх зүйн хөтөч болон ажиллалаа.
“Нээлттэй шүүх танай хороонд”: Иргэний шүүхэд хандах эрх
2025 онд шүүхийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойр цэгт хүргэх зорилгоор алслагдсан хороодод хүрч ажилласан бол энэ жил Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран баг бүрдүүлж Чингэлтэй дүүргийн 5, 13 дугаар хороо, Баянгол дүүргийн 13 дугаар хороодод биечлэн очиж уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар хороодын оршин суугчдад Захиргааны хэргийн шүүхэд хэрхэн хандах, нэхэмжлэл гаргах үйл явцыг иргэдэд энгийн ойлгомжтой байдлаар ойлгуулахаас гадна шүүхийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, шүүхийн шийдвэрийн ил тод байдал, шүүх хуралдааны шууд дамжуулалтыг хэрхэн үзэх, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдол, иргэд шүүхэд хэрхэн хөндлөнгийн хяналт тавих, ямар эрх, үүрэг, оролцоотой шүүх хуралдаанд оролцдог, хэдэн төгрөгийн урамшуулал авдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажилласан.

Мөн иргэд өөрт тулгамдсан асуудлаар хаана хандах, мэдээллийг хэрхэн олж авах, захиргааны эрх зүйн маргааны талаар хуульчдаас шууд зөвлөгөө авснаараа онцлог арга хэмжээ болов.
Шүүхийн байранд: “Хуульчийн про боно өдөр”

“Хуульчийн про боно өдөр” өдөрлөгөөр шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байрны нэгдүгээр давхарт халуун кофегоор угтан авч иргэдэд гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, мэдээ, мэдээллээр хангахаас гадна шүүхийн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ.
Энэ өдөр шүүхээр бяцхан зочид үйлчлүүллээ

Нийслэлийн хүүхдийн 295 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багачууд, багш сурган хүмүүжүүлэгчдийн хамт зочилсон нь өнөөдрийн хамгийн онцлог үйл явдал байлаа.

СӨБ-ын насны хүүхдүүдэд чиглэсэн гэмт хэрэгт өртөхөөс урьчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөөллийн үзүүлэлттэй ажлыг 2024 оноос эхлэн гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Энэхүү арга хэмжээг “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоом, дуу, хүүхэлдэйн аргаар явуулдаг бөгөөд ирээдүйн “Зөв Монгол иргэн”-ийг төлөвшүүлэхэд иргэн бүрийн оролцоо, хариуцлага чухал юм.

Бяцхан зочид маань гадна шүүхийн ах, эгч нартаа сурсан дуу, шүлгээрээ бэлэг барихаас гадна шүүх хуралдааны танхимтай танилцаж, шүүгчтэй, цагдаатай уулзаж,

өөрсдөө шүүгчийн нөмрөг өмсөн "шүүгч" болон тоглож, өдөр тутамд тохиолддог маргааныхаа зөв бурууг дэнсэлж, шударга ёсны талаарх ойлголттой боллоо.

Багш, сурган хүмүүжүүлэгчийг орхигдуулж болохгүй

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” өдөрлөг энэ удаа цар хүрээгээ тэлж, хүүхэд хамгааллын асуудлыг багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоотойгоор хэлэлцлээ.

Өмнөх жилүүдэд шүүхийн зүгээс зөвхөн хүүхэд багачуудад чиглэсэн танин мэдэхүйн ажлуудыг түлхүү зохион байгуулдаг байсан бол энэ жил Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон нийгмийн ажилтнуудыг хамруулсан эрх зүйн сургалт, уулзалтыг зохион байгуулснаараа онцлог болов.

Арга хэмжээг нээж, тус шүүхийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Гантулга шүүхийн үйл ажиллагааг танилцуулав. Тэрээр багш нарт шүүхийн тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэний болон мэргэжлийн эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хэрхэн хандах, хууль ёсны туслалцаа авах боломжуудын талаар арга зүйн зөвлөгөө өглөө.

Өдөрлөгийн зочин илтгэгчээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Тамир оролцож, боловсролын салбарынханд нэн шаардлагатай байгаа дараах сэдвүүдээр мэдээлэл өгсөн юм.

- Үе тэнгийн дээрэлхэлт: Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийг хэрхэн эрт шатанд илрүүлэх, үүссэн нөхцөл байдалд хаана, хэрхэн хандах болон эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв.
- Гэр бүлийн хүчирхийлэл: Хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй мэргэжлийн түвшинд хэрхэн харилцах, тэдний эрх ашгийг хамгаалахад сургууль, цэцэрлэгийн захиргааны авах арга хэмжээний талаар зөвлөлдлөө.
- Багшийн үүрэг, хариуцлага: Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн хүрээнд багш нарын хүлээх үүрэг хариуцлагыг тодотгож, практикт тулгамдаж буй асуудлаар санал солилцсон юм.

Энэхүү “Нээлттэй шүүх” өдөрлөг нь багш, сурган хүмүүжүүлэгчдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлээд зогсохгүй, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр шүүх болон дунд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо.

Уулзалтад оролцогчид шүүхэд хэрхэн хандах эрхтэй болон хууль ёсны үүрэг хариуцлагын талаар нэгдсэн ойлголттой болсноо илэрхийлж байв.