Д.Өнөржаргал: "Шүүх иргэдэд зөвлөгөө өгөхөөс гадна соён гэгээрүүлэх үүрэгтэй"
2026-05-01 | 23Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдөр уламжлал болгон зохион байгуулдаг “Хуульчийн про боно” өдөрлөг Сүхбаатарын талбайд амжилттай өрнөв. Энэ жилийн өдөрлөгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр "Нээлттэй шүүх" төслийн хүрээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.

Арга хэмжээний нээлтэд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал оролцож, иргэд болон хуульчдад хандан үг хэлэхдээ “Захиргааны хэргийн шүүхийн хувьд энэ жил Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр 'Нээлттэй шүүх' өдөрлөгийг цогц байдлаар хэрэгжүүлж байна. Бид энэ жилийн ‘Хуульчийн про боно’ өдрийг зөвхөн нэг цэгт бус, Сүхбаатарын талбайд, шүүхийн байрандаа, мөн Нийслэлийн зарим хороодын нутаг дэвсгэрт нэгэн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Шүүх иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэхээс гадна тэднийг соён гэгээрүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг нээж өгөх нь бидний нэн тэргүүний зорилт билээ” хэмээн онцлов.

Сүхбаатарын талбайд байрласан тус шүүхийн зөвлөгөө өгөх асар нь иргэдийн хөлд дарагдсан байлаа. Тус шүүхийн захиргааны ажилтнууд иргэдэд төрийн байгууллагын шийдвэртэй холбоотой гомдол гаргах журам, нэхэмжлэл бүрдүүлэхэд анхаарах зүйлсийн талаар газар дээр нь зөвлөгөө өгч, эрх зүйн хөтөчөөр ажилласан юм.

Мөн шүүхийн шийдвэр хэрхэн ил тод болсон, иргэд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр хэрхэн ажиллах боломжтойг таниулан сурталчлахын зэрэгцээ сүүлийн үед иргэдэд тулгарч буй газар олголт, дахин төлөвлөлтийн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хэрхэн хандах талаар дэлгэрэнгүй чиглүүлэг өглөө.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 3000 гаруй хүүхдэд хүрч ажилласан амжилтаа бататгаж, энэ жил иргэдийн оршин суугаа хороонд нь очиж ажиллах “Нээлттэй шүүх танай хороонд” үйл ажиллагааг идэвхжүүлж байна. Энэ удаагийн "Про боно" өдөрлөг нь шүүх иргэний эрхийг хамгаалах, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг тогтооход гүүр болон ажиллаж байгааг харуулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.