ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР Э.ЛХАГВАСҮРЭН СОНГОГДЛОО
2026-03-30 | 305Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр хуралдаж, Ерөнхий шүүгчийг сонгох нууц санал хураалт явууллаа.

Санал хураалтын дүнгээр тус шүүхийн шүүгчдийн олонхын дэмжлэгийг авсан Эрдэмбилэгийн Лхагвасүрэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдлоо.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Баатархүү ажиллаж байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараагийн Ерөнхий шүүгчийг ийнхүү сонгож байна.

Шинээр сонгогдсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийг төлөөлөх, шүүгчдийн зөвлөгөөнийг даргалах болон шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх юм.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын зүгээс шинээр сонгогдсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн танд ажлын амжилт хүсье!
Хуулийн зохицуулалт: Шүүхийн тухай хуульд зааснаар Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгох эрхтэй байдаг.