ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ШҮҮХ ХӨТӨЛБӨР: 21-Р СУРГУУЛИЙН СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА
2026-03-27 | 43“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ШҮҮХ” хөтөлбөрийн энэ удаагийн зочид Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагчид байлаа. Шүүхийн үйл ажиллагааг иргэд, тэр дундаа ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудад нээлттэй таниулах зорилготой уг арга хэмжээ сонирхолтой мэтгэлцээн, танин мэдэхүйн яриагаар дүүрэн өрнөв.

Шүүхийн талаар мэдээлэл өгөв
Арга хэмжээний эхэнд шүүгчийн туслах Ө.Акмарал сурагчдад шүүгчийн өмсгөл, шүүхийн алхны талаар танин мэдэхүйн сонирхолтой мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг "Ухаалаг иргэн"
Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал сурагчидтай Хүүхэд хамгааллын тухай хууль, "Үе тэнгийн дээрэлхэл" сэдвээр ярилцаж, хүүхэд бүр өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэх ёстойг санууллаа. Мөн цахим орчны соёл, зайлшгүй шаардлагатай үед мэдвэл зохих дугааруудыг цээжлэх ёстойг онцлов.

- 108 – Хүүхдийн тусламжийн утас (Эрх чинь зөрчигдвөл залга!)
- 102 – Цагдаагийн газар (Аюул тулгарвал мэдэгд!)
- 103 – Түргэн тусламж
- 101, 105 – Онцгой байдал
Тоглоомын аргаар эрх зүйн мэдлэг олгох нь

Уг хөтөлбөр нь хүүхдийн насны онцлогт тохирсон мэтгэлцээн, дүрд тоглох аргуудыг ашигладгаараа онцлог. Сурагчид шүүх хуралдааны танхимтай танилцах үеэрээ өөрсдийгөө "зөв монгол иргэн" болж төлөвшихөд эрх зүйн мэдлэг ямар чухал болохыг биеэр мэдэрсэн юм.

"Шүүх гэдэг зөвхөн шийтгэдэг газар биш, харин бидний эрхийг хамгаалж, шударга ёсыг тогтоодог газар юм байна" хэмээн сурагчид сэтгэгдлээ хуваалцлаа.

"Хүүхдэд ээлтэй шүүх" хөтөлбөр нь хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх, тэднийг эрх зүйн өндөр соёлтой иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн цуврал ажлуудын нэг юм.