“MOCK TRIAL-2026” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО
2026-03-28 | 189Авлигатай тэмцэх газар үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан академич С.Нарангэрэлийн нэрэмжит “Mock Trial-2026” эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн өнөөдөр /2026.03.28/ Захиргааны шүүхийн нэгдсэн байранд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 19 багийн 120 гаруй оюутан мэдлэг чадвар, мэтгэлцэх урлагаараа өрсөлдсөнөөс энэ мөчид шилдгүүд тодорч, шагналаа гардан авч байна.
Тэмцээний явцад оюутнууд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, хуульчийн ёс зүй болон шүүх хуралдааны дэгийг практик дээр амжилттай хэрэгжүүлж, ирээдүйн чадварлаг хуульчид болохоо харууллаа.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэхүү тэмцээнийг 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж, хууль зүйн салбарын залгамж халааг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулсаар байна.

Бакалаврын өдрийн анги:
Тэргүүн байр: “Eternal” баг /Дотоод хэргийн их сургууль/
Дэд байр: “Гэрэгэ” баг /Шихихутуг их сургууль/
Гутгаар байр: “Их заргач” баг /Шихихутуг их сургууль/ болон “Method&Mind” баг /Дотоод хэргийн их сургууль/
Эчнээ анги:
Тэргүүн байр: “Зургаадай мэргэн” баг /Шихихутуг их сургууль/
Дэд байр: “Их цааз” баг (Шихихутуг их сургууль)
Шилдэг илтгэгч: Х. Хонгорзул /Шихихутуг их сургууль/
Энэ удаагийн тэмцээний онцлог нь оюутан сурагчдаа амжилттай бэлдсэн багшийг урамшуулсан явдал байлаа. Тэмцээний шилдгээр Шихихутуг их сургуулийн багш Б. Бат-Ерөөлт шалгарсан юм.

“MOCK TRIAL” мэтгэлцээний тэмцээн нь оюутан залуусын онолын мэдлэгийг практиктай холбох, хуульчийн ёс зүй болон мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. Нийт оролцогчдодоо баяр хүргэе!