Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Магадлалын хураангуй №11: Бараа бүтээгдэхүүн хомсдолд орсон нөхцөлд барааны үнийг нэмэгдүүлэх нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзнэ

Магадлалын хураангуй №11: Бараа бүтээгдэхүүн хомсдолд орсон нөхцөлд барааны үнийг нэмэгдүүлэх нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзнэ

2023-10-30   |   Админ   |   165   |  


Шийдвэрийн дугаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2023/0169 дугаар магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, Магадлалын хураангуй №11


       2022 оны 06 дугаар сард улсын хил хаагдсан онцгой нөхцөл байдлын улмаас цементийн нийлүүлэлтийн хомсдол үүсэж, зах зээл дээр чөлөөтэй худалдаалагдах боломжгүй нөхцөл үүсжээ. Энэ үеэр “Б” ХХК нь 1 тонн цементийг 450,000 төгрөгөөр худалдаалсан байна.

      Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай удирдамжийн дагуу цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ. Үүний дагуу хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2202000204 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “Б” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10[1]-т заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7[2] дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002281 дугаартай шийтгэлийн хуудсаар хорин мянган нэгж буюу хорин сая төгрөгөөр торгосон байна.

      “Б” ХХК-аас уг шийтгэлийг эс зөвшөөрч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002281 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

      ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

      1. Анхан шатны шүүхийн шийдвэр: Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаас үзвэл “эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол” гэсэн нөхцөл заасан байх ба энэ төрлийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаанд Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2, 3-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна. Мөн Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд бараа бүтээгдэхүүн хомсдолд орсон нөхцөлд үнэ нэмэхгүй байх үүргийг “Б” ХХК-д хүлээлгэсэн зохицуулалт байхгүй байх тул хариуцагч зөрчлийг хуульд заасан журмын дагуу зохих ёсоор шалган тогтоосон гэж үзэхгүй хэмээн, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон.

      2. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс “Б” ХХК-ийн зөрчлийн шинжтэй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгтэй адилтган үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь нэхэмжлэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулаагүй. Мөн анхан шатны шүүхээс хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа эсэхийг тодруулалгүйгээр харшилсан хуулийн заалт байхгүй гэх үндэслэлээр “Б” ХХК-ийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

      3. Давж заалдах шатны шүүхээс: Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын өгсөн тайлбараас үзэхэд, цементийн нийлүүлэлт багасаж, хомсдох үе буюу 2022 оны 06 дугаар сарын 11-26-ны өдрийг хүртэл “Б” ХХК нь 182 тонны нөөцтэй байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 1 тонн цементийг 330,000 төгрөгөөр борлуулж байсан ч үнийг нь нэмж, 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 450,000 төгрөгөөр борлуулж эхэлсэн нь тогтоогдсон байна. (4.1)[3]

      4. “Б” ХХК-ийн гаргасан зөрчил нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй, гэмт хэргийн шинжийг агуулаагүй бөгөөд хуульд зөрчлийн арга хэмжээ авахаар заасан байна. (5.2)

      5. “Б” ХХК-аас тухайн үйлдлээ ашгийн төлөөх аж ахуйн нэгж тул үнээ нэмсэн нь хэрэглэгчийг хохироогоогүй гэж маргаж байгаа ч улсын хил хаагдсан онцгой нөхцөлд хомсдол үүсэж, зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдэж, худалдах боломжгүй үед үйлдвэрлэгчээс гэрээнд заасны дагуу нэмэгдэлгүй үнээр нийлүүлэгдсэн, өөр бүтээгдэхүүнээр орлуулж болохгүй бүтээгдэхүүн болох цементийг зах зээлд худалдах давуу байдлаа ашиглан үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэнд тооцогдоно. Ийм нөхцөлд өөрөө үнэ тогтоосныг чөлөөт зах зээлийн зарчмаар тогтоогдсон үнэ гэж үзэхгүй, торгууль ногдуулсан нь зөв гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов. (7.2)


[1] Өрсөлдөөний тухай хууль, 12 дугаар зүйлийн 12.1.10 “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх.”

[2] Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

[3] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн хянавал хэсгийн цогцолборын дугаар болно.


САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн магадлал болно.


Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү