Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Магадлалын хураангуй №1 Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно

Магадлалын хураангуй №1 Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно

2023-01-02   |   Админ   |   367   |  

Туршилтаар

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


    Нийслэлийн Засаг даргын А/1097 дугаар захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаарх авах арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан, үүнд Ядамын нийтийн эзэмшлийн талбайд байрласан, сэндвичэн өргөтгөлийн доорх газар багтжээ.

     Ядам А/1097 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “Ядам нь газар эзэмшүүлэх, ашиглуулах хүчин төгөлдөр шийдвэр, гэрээ, гэрчилгээгүйгээр газар эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль зөрчсөн, ... уг захиргааны акт нь зорилгодоо нийцсэн” гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.  

     Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Ядамаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

     Тодруулбал, Ядам “тухайн газрын төлбөрийг 13 жилийн турш тасралтгүй бүрэн төлж ирсэн” гэснээс өөрөөр газар эзэмших, ашиглах эрхтэй болохоо нотолж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ талаар маргаагүй, түүнд газар эзэмших, ашиглах эрх хуульд зааснаар үүссэн болох нь баримтаар нотлогдоогүй тул Нийслэлийн Засаг дарга өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд А/1097 дугаар захирамжаар тухайн газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Ядамын газар эзэмших, ашиглах эрх хуульд зааснаар үүсээгүй байх тул хуульд заасан газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг эдлэхгүй, тус газрыг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар маргах боломжгүй бөгөөд уг  захирамжийн улмаас түүний хууль ёсны эрх зөрчигдөөгүй байна.


Шүүхийн шийдвэрүүд:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.26-ны өдрийн 221/МА2022/0368 дугаар магадлал, https://shuukh.mn/single_case/5010?daterange=2021-01-01%20-%202022-12-27&id=2&court_cat=3&bb=1


Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн