Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүллээ

Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүллээ

2022-05-18   |   Админ   |   311   |  

Тус шүүхийн Тамгын газрын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан “Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээ”-г бий болгох ажлын хүрээнд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газартай хамтран Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны гадна орц, гарцыг холбогдох дүрэм, журам, стандартад нийцүүлэн бүрэн засварлаж ашиглалтад оруулав.

Мөн тус шүүхийн “Нээлттэй танхим”-д шүүхийн нэгдсэн байрны давхруудын мэдээлэл, нэхэмжлэл болон гомдол гаргах загвар, шүүхийн тамгын газрын албан хаагчидтай холбогдох утасны жагсаалт, дотуур утасны жагсаалт, шүүх хуралдааны танхимд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангаргийн хуудас гэх мэт мэдээллүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсгээр хэвлүүлэн байршуулав.

Ингэснээр шүүхээр үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх нөхцөл, боломж бүрдэж байгаа юм.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2022.05.18