Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
"Шүүх хуралдааныг ихэвчлэн цахимаар явуулж байна"

"Шүүх хуралдааныг ихэвчлэн цахимаар явуулж байна"

2021-07-01   |   Админ   |  

Коронавируст цар тахлын үед шүүх шүүн таслах ажиллагааг хэрхэн явуулж байгаа талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбаяраас тодрууллаа.

-Коронавируст цар тахлын үед шүүхийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломж байна уу. Халдвар хамгааллыг яаж сахиулж байна вэ?

-Коронавируст цар тахал гарсан гамшгийн үед шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах үүднээс “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн орон тооны бус шуурхай штабын ажлын төлөвлөгөө”-г баталж, энэ хүрээнд хэргийн материалтай танилцах хэсгийг тусгаарлаж, хүн хоорондын зай бариулах, халдвар хамгааллын дэглэм сахиулах зэргээр ажиллаж байгаа. Одоогоор шүүн таслах ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

-Шүүхийн байрны орчин, нөхцөл тун тааруу. Нийслэлд байгаа ихэнх шүүхийн байр ашиглалтын хугацаа дуусчихсан, шүүн таслах ажиллагаа явуулахад хүндрэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Танай шүүхийн хувьд шүүх хуралдаан явуулахад халдвар хамгааллын дэглэм сахиулах танхимын хүртээмж, багтаамж ямар байна вэ?

-Байрны хувьд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хамт нэг байранд үйл ажиллагаа явуулдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хувьд нэг танхимтай /ногоон танхим/-д шүүх хуралдаан хийдэг. Шүүх хуралдааныг ихэвчлэн цахимаар /Zoom/ програм ашиглан явуулж байна. Ингэхдээ хэргийн оролцогчдыг тусдаа өрөөнөөс холбогдох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүхийн нэг давхрын нээлттэй танхимд тусгай хаалтуудыг хийж /Zoom/ программаар шүүх хуралдаанд оролцох заавар зөвлөмж, халдвар хамгаалалтын дэглэмийн дагуу 1.5-2 метрийн зай барих, амны хаалт зүүх, нэг удаагийн бээлийтэй байх зөвлөмжүүдийг өгч хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулж байна. Зайлшгүй танхимд орох хүсэлт гаргасан болон олон оролцогчтой шүүх хуралдааныг танхимаар оруулж байна. Ингэхдээ шүүх хуралдаан бүрийн хооронд тус өрөө танхимуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх бэлтгэл ажлыг бүрэн ханган ажиллаж байгаа.

-Шүүхээс халдварын тохиолдол илэрсэн даруйд шүүн таслан ажиллагааг зогсоож байгаа юу?

-Манай шүүхийн байранд хоёр шүүх үйл ажиллагаа явуулдаг учраас аль нэг шүүхээс нь коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд хамт үйл ажиллагаагаа зогсоож ариутгал хийлгэх шаардлага үүсдэг. Ийм нөхцөлд заавар, зөвлөмжийн дагуу шүүгч ажилтнууд гэртээ тусгаарлагдан халдвар хамгааллын дэглэм сахих, биеийн байдлыг тандах, шинжилгээнд хамрагдах, шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэдэг тул шүүхийн байранд 2-3 хоног хүн нэвтрүүлдэггүй. Энэ тохиолдолд цахимаар үйл ажиллагаа үргэлжилдэг. Манай шүүхийн байранд он гарсаар удаа дараа халдвар илэрч байна, халдварын голомт болсныг ч мэргэжлийн хүмүүст мэдэгдсэн. Хамгийн сүүлд шүүхийн хэд, хэдэн ажилтнуудаас халдвар илэрч 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрөөс хоёр хоног хөл хорио тогтоож шүүхийн байранд ариутгал хийж, шүүгч ажилтнууд шинжилгээнд хамрагдлаа.

-Шүүх хэвийн ажиллахгүй гэсэн мэдэгдэл их гарах юм. Шүүн таслах ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Яаж зохицуулж байна вэ?

-Халдвар гарсан нөхцөлд мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөмжийг дагаж шүүхийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр арга байхгүй. Яагаад гэхээр энэ байранд хоёр шүүх үйл ажиллагаа явуулж байгаа учраас маш олон иргэн ирж үйлчлүүлдэг, шүүгч, ажилтнууд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж олноороо халдвар авч нөхцөл байдал хүнд байна. Тиймээс зөвлөмжийг дагаж тухай бүр мэдэгдэл гаргаж холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа. Гэхдээ хэрэг, маргаан, гомдол хүсэлт бүгд хуулийн хугацаатай байдаг учраас шүүхийн үйл ажиллагааг олон хоногоор зогсоох боломжгүй. Бид иргэдийг чирэгдүүлэхгүйн тулд https://admincourt2.gov.mn/ Цахим хаяг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн пэйж хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээллийг цаг алдалгүй хүргэж, шүүхийн баталгаат цахим шуудангаар нэхэмжлэл хүсэлтийг хүлээн авч, ажилтнуудын утасны жагсаалт, ажиллах хуваарь гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн тасралтгүй явуулж байна.

-Цар тахалтай холбоотойгоор шүүх хуралдаан хойшлох, хэрэг хугацаандаа шийдэгдэхгүй байх зэрэг асуудал байгаа байх. Хэрхэн шийдэж байгаа бол?

-Шүүхийн байранд цар тахал гарсан үед тухайн өдрөөс хойш зарлагдсан шүүх хуралдаанууд хойшлох тохиолдол гарч байгаа. Энэ үед шүүгчийн туслахууд хэргийн оролцогчдод шуурхай мэдэгдэж дараагийн товыг аль болох ойрхон хугацаанд товлох зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа. Урьд нь манайх ажлын таван өдрийн гуравт нь шүүх хуралдаан явагддаг байсан. Харин одоо цар тахал гарч шүүх хуралдаан хойшилж байгаатай холбоотой ажлын таван өдрийн тавууланд нь тасралтгүй шүүх хуралдаан явагдаж байна. Ажилтнууд магадлал, тогтоол, эрх зүйн актуудаа бичих, боловсруулах өдөр гарахгүй амралтын өдөр ажиллах зэрэг ачаалал үүсдэг. Ажилтнууд вакцины 2 тунд хамрагдсан ч их халдвар авч байна. Нөхцөл байдал хүнд байгаа.

-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед шүүхээр үйлчлүүлэгчид шүүхийн байранд заавал очих ёстой юу. Зайнаас үйлчилгээ авах боломжоор хэр хангасан бэ?

-Манай шүүхийн хувьд хэргийн материал танилцахаас бусдаар зайнаас үйлчилгээ авах бүрэн боломжтой. Хэргийн материал танилцах тал дээр шүүхээс хэргийн материалыг скайнердэж хэргийн оролцогч өмгөөлөгч нарт мэйл хаягаар нь явуулж танилцуулж байгаа ч өмгөөлөгч, хэргийн оролцогч нар заавал шүүх дээр ирж хэрэгтэйгээ танилцах сонирхол хандлагатай байдаг. Шүүхийн байранд ирээд хэргийн материал танилцах тохиолдолд тусгаарласан өрөө бэлдэж, тухайн хэргийг тусгай хайрцагт хийж бодисоор ариутган хүлээлгэн өгдөг. Иргэдийн хүсэлт, нэхэмжлэлийг баталгаат шуудангаар хүлээн авч, хэрэг, нэхэмжлэлийн хуваарилалтыг мэдээлэл лавлагааны 70130104 утсаар холбогдож мэдэх боломжтой. Мөн шүүх хуралдаан явуулах байгаа. Манай шүүхийн давуу тал бол “Ковид-19” цар тахал гарснаас хойш аль болох танхимаар шүүх хуралдааныг явуулахгүй байх талаас нь Тамгын газраас бүхий л арга хэмжээг авч ажилласан. Гэртээ интернэтгүй, төхөөрөмж байхгүй, гэрээсээ холбогдох боломжгүй хүмүүс нь шүүхийн байранд ирж нэг давхарт бэлдсэн тусгай өрөөнөөс шүүх хуралдаа оролцдог. Харин сая сонгуулийн үеэр олон оролцогчтой шүүх хуралдаан явагдахад танхимаар зарим нэг шүүх хурлуудыг халдвар хамгааллын дэглэм сахиулж явуулсан. Ер нь байгаа газраасаа буюу гэр ажил оффис дээрээсээ шүүх хуралдаанд оролцох давуу талууд бол их байгаа Үүнд: Цаг хугацаа хэмнэх, халдвараас өөрийгөө сэргийлэх зэрэг олон давуу талтай байгааг иргэд бас хэлж байна. /Шүүхийн орчин маш олон хүн үйлчлүүлдэг учраас эрсдэлтэй орчин гэж үздэг/.

-Олон оролцогчтой шүүх хуралдааныг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Манай шүүхийн ногоон танхим харьцангуй том зай талбайтай учраас хүн хоорондын зайг бариулж, халдвар ариутгалаа хийгээд явуулж байгаа. Гэхдээ том ч гэлээ танхимд багтахгүй олон оролцогчтой шүүх хуралдаан явагдах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд нээлттэй танхимд бэлдсэн тусгаарлалтын өрөөнөөс хурлын танхим руу шууд холбогдож шүүх хуралд оролцох боломжийг бүрдүүлсэн. Зарим хэргийн оролцогчдоос танхимаар орох хүсэлтийг ч гаргадаг. Цар тахалтай хүнд нөхцөлд аль болох л шүүх хуралдааныг цахимаар явуулахыг зорьж байгаа. Хурлын танхим дээр нэмж хэлэхэд бусад жижиг танхимтай шүүхүүд олон оролцогчтой шүүх хуралдаанаа манай ногоон танхимд явуулах хүсэлт ирүүлж манай танхимд явагдах тохиолдол олон байдаг. Харин одоогийн байдлаар бид ажлын таван өдөр хуралдаж ганцхан танхимтай учраас бусад шүүхийн хүсэлтийг хүлээн авах ямар ч боломжгүй.

С.БҮЖИН

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 2021.06.30 №122 /3831/