Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“Шүүхийн байранд мэдээлэл түгээх журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж байна

“Шүүхийн байранд мэдээлэл түгээх журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж байна

2021-01-19   |   Админ   |   706   |  

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны А/47 дугаар тушаалаар баталсан “Шүүхийн байранд мэдээлэл түгээх журам”-ын дагуу шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах, шүүхийн байранд олон нийтэд мэдээлэл түгээх зорилго бүхий мэдээллийн самбаруудын цэсийг нь өөрчилж мэдээллүүдээ шинэчлэн байршууллаа.

   Журмын хэрэгжилтийг хангах үүднээс “Нээлттэй шүүх” танхимд байрлах 3 дэлгэцээр хаалттайгаас бусад шүүх хуралдааныг дамжуулах, цахим шүүх хуралдаанд шүүхийн байранд ирж оролцож буй иргэдийг тусгаарлан суулгаж хуралдаанд оролцуулах, бусад үед иргэдэд зориулсан шторкийг улирал бүрээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн шинэчилсэн жагсаалтын дагуу түгээж байгаа юм.

   Мөн нээлттэй танхимд шүүхийн танилцуулга, гарын авлага, тараах материалыг иргэдэд тогтмол тарааж,  иргэд “Ухаалаг дэлгэц”-ээс шүүхүүдийн хаяг байршил, холбогдох дугаар, шүүх хуралдааны зар, нэхэмжлэлийн загвар зэрэг мэдээллүүдийг авах, шүүгч ажилтнуудын харилцаа хандлагын талаарх санал асуулгад оролцох, Монгол улсын шүүхийн цахим сан буюу shuukh.mn сайтруу нэвтрэн орж өөрт шаардлагатай шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хэвлэж авах боломжоор ханган ажиллаж байна.

   Ингэснээр шүүхийн үйлчилгээг иргэдэд нээлттэй ил тод болгох, олон нийтийн хяналтыг тогтоох, иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэх зэрэг чухал ач холбогдолтой бөгөөд шүүхээр үйлчлүүлж буй иргэд холбогдох мэдээллүүдийг дээрх мэдээллийн самбарууд, ухаалаг дэлгэц, нээлттэй танхимд байрлах гарын авлага танилцуулгаас авах бүрэн боломжтой юм.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2021.01.19