Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Э.Оюунболдын шүүх хуралдаан өнөөдөр боллоо

Э.Оюунболдын шүүх хуралдаан өнөөдөр боллоо

2020-07-21   |   Админ   |  

       Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв.

       Шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

       Тодруулбал, Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгийн “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг хэвээр үлдээж, 2 дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ